Алтан Ордын сүүлчийн хаан Шейх Ахмед

1206 онд үндэслэгдэн байгуулагдсан Монголын эзэнт гүрнээс бие даан салсан нэг улс бол Алтан ордын улс билээ. Алтан ордын улс нь Кипчакийн тал нутаг, Орост өөрийн ноёрхолоо тогтоогоод 1242-1502 оны хооронд даруй 260 жил оршиж байжээ. Алтан ордын анхны хаан үндэс суурийг нь тавьсан хүн бол Бат юм. Алтан ордод маш олон хаад төр барьж байсан бөгөөд эдгээр дундаас хамгийн сүүлчийн хаан нь Шейх Ахмед юм. Шейх Ахмед бол Алтан орд задран бутарсны дараа бий болсон Их ордын сүүлчийн хаан байлаа. 1460-1481 онд Их ордын хаан байсан Ахмед хааны хүү юм. Түүний гарал угсааг хөөн үзвэл: Чингис хаан Зүчи Туг Төмөр Уз Төмөр Хожа Бадик Урус Төмөр Хутлуг Төмөр Кичи Мухаммед Ахмед Шейх Ахмед.

Түүний төрсөн цаг хугацаа нь түүхэнд тодорхойгүй үлдсэн. Түүхэн сурвалжид өгүүлснээр Ахмед хаан есөн хөвгүүнтэй байсан гэдэг.[1] Түүний гурав дахь хүү нь Шейх Ахмед байсан талаар сурвалж бичигт өгүүлдэг. Их ордын сүүлчийн хаан тэрээр 1481-1482, 1502-1528 оны хооронд хаан ширээнд сууж байжээ. Их ордын Ахмед хааныг нас барсны дараагаар түүний хөвгүүд болон сайд ноёдын дунд хаан ширээний төлөөх тэмцэл хурцадсан байна. Хаан ширээнд гол санаархагчид нь Ахмед хааны том хөвгүүд болох Муртаза, Сейд-Ахмед, Шейх Ахмед нар байжээ.

Энэ дотроос Шейх Ахмед хаан болох билиг ухаан төгс нэр хүнд өндөртэй байжээ. Муртаза Сейд Ахммед нар дүү Шейх Ахмедийн эсрэг хуйвалдаан хаан ширээг булаах оролдлого нь бүтэлгүй болмогц Их ордын тэргүүн сайд Төмөр Мангутын хамт Крымийн хаан Мэнгли- Гирэй хаанаас тусламж гуйн улс төрийн оргонол хүссэн байдаг.

Энэ үйлдэл нь ч Крымийн хаанд ашигтай байсан гарцаагүй юм. Улс төрийн хүчтэй өрсөлдөгч нараа хажуудаа хашиж байх нь таалагдсан бөгөөд тэдгээрийг хорьж байжээ. Энэ хооронд Шейх Ахмед хаан ширээнд 1481 онд бусад ах дүү нарынхаа дэмжлэгтэйгээр суусан байна. 1485 онд Муртаза, Сейд –Ахмед нар Крымийн хорионоос зугтан гарсан бөгөөд Муртаза баривчлагдан Сейд-Ахмед Төмөр мангутын хамт зугтан гарч Дешт-и-Кибчакт өөрийгөө хаанд өргөмжилсөн байна. Ордод нэгэн зэрэг хоёр хаан гарч иржээ. 1485 онд Сейд Ахмед Төмөрийн хамт Крымийн хаант улс руу дайрч Кырк-Эр хотыг бүслээд Муртазаг чөлөөлсөн байна

Муртазаг чөлөөлсөн үйл ажиллагааны гол зорилго нь Сейд Ахмед хаан ширээнд том ах Муртазагийн дэмжлэг туслалцааг авах түүгээр хүлээн зөвшөөрүүлэхэд оршиж байсан бололтой. Гэвч Муртаза хамтран засаг барих нөхцөлтэйгээр хаан ширээнд 1485 онд заларсан байна. Энэ удаа их орд нэг дор гурван ч хаантай боллоо. Удалгүй Сейд Ахмед дүү Шейх Ахмедтайгаа 1490-ээд оноос хамтран ажиллах болсон байдаг. Гол зорилго нь Крымийн хаант улсыг эзлэн авч нэгтгэх зорилгоор Крымийн газар нутагт нэвтрэн орсон байлаа. Гэвч Крым нь Оросын III Иван хаан болон Казани, Касимовын хаант улс, Түрэгийн султануудаас тусламж авч хүчээ бэхжүүлсэн тул ах дүү хаад ухархаас өөр аргагүй болсон байна. Энэ үед Их ордод төрийн эргэлт гарч 1481 онд Мусой ба Ямгурчи нартай нийлж Их ордын Ахмед хааныг хороож байсан Ибак гэгч өөрийгөө ордын хаанд өргөмжилсөн байна.

Гэвч тэрээр дэмжлэг олж чадалгүй ордоос зугтан явсан байна. 1493 онд Их ордны сайд нар хуйвалдан Шейх Ахмедыг түлхэн унагааж Муртазаг хаан ширээнд залсан боловч жилийн дараа 1494 оны 7 сард Шейх Ахмед хаан титэмээ буцаан булаан авч чаджээ. 1498-1500 оны хооронд Шейх Ахмед хааны хувьд хүнд сорилтын жил байлаа. Газар нутгийн төлөө Черкесүүдтэй дайтаж, мөн 1500 онд ган болж их өлсгөлөн болж бэлчээр сайтай газар усны төлөө Крымийн хаант улстай дайтахаас өөр аргагүй болсон юм. 1500-1501 онд Шейх Ахмед хаан Крымийн хаант улсын нутаг болох Днеприйг дайлахаар бэлтгэсэн байна. Тэгээд тэрээр өөрийн ах Сейд Ахмед болон таарамж муу байсан ах Муртаза, Астраханий хаан Абд ал-Керим нарт элч заржээ. Литовийн ван Александр Шейх Ахмедийг дэмжин 30,000 алтан зоос хүрэх үнэт бэлэг явуулсан байв.[5] Харин ах Сейд Ахмед нь л цэргээ дагуулан иржээ. Тулалдаан эхлэхийн өмнөхөн ах дүү хоёрын дунд маргаан гарч Сейд Ахмед цэргээ аван Шейх Ахмедийг орхин явсан юм. Шейх Ахмед Ногайн ордын ноёдоос тусламж хүлээн авч хүчээ бэхжүүлсэн бөгөөд Крым Оросын III Иван хаанаас тусламж хүссэн боловч Оросын хаан ордын дотоод хэрэг гээд татгалзсан байна. Крымийн хаан хүчин мөхсдөж Днепр хавийн нутгийг Шейх Ахмед хаанд үлдээн Крымийн хойг руугаа буцсан юм. Яагаад ч юм Шейх Ахмед ялалтандаа бардаж холбоотон байж өөрт нь туслаж байсан Литовыг гэнэт тонон дээрэмдсэн байдаг. Шейх Ахмед улмаар Оросыг дайлахаар шийд гаргаад байх үед Оросын III Иван хаан Шейх Ахмед хаанд элч илгээн холбоотон болох үгүй бол урдын адил алба төлөх тухайгаа хүлээн зөвшөөрсөн байна. Нэг ёсондоо III Иван Ордын “барлаг” гэдгээ хүлээн зөвшөөрсөн хэрэг байлаа. Оросын хилд довтлохоо больсоны хариуд өмнө нь төльж байснаасаа илүү барьц амлажээ. Хуучин хараат орнуудаа дуулгавартай болгоод олон улсын тавцанд нэр хүндээ өсгөж, урьдын хүчирхэг байдлаа эргүүлж олж аваад байтал 1501-1502 онд дахин, зун нь ган, өвөл нь зуд болж бас их өлсгөлөн болсон.

Шейх Ахмедийн хамаг албат бүр хатан нь Крымийн хааны ивээлд очиж тэрээр хүнд байдалд орсон юм. Крымийн хааны хүчин чадал урьд өмнөхөөсөө улам л хүчтэй болсон байна. 1502 оны 5 сарын эхээр Крымийн хаан Мэнгли-Гирэй Шейх Ахмед рүү довтолсон байна.[6] Хаан Сула голын эрэг дээр бэхэлсэн боловч Ахмедийн цэргүүд байлдалгүйгээр шууд бууж өгсөн байна. Удалгүй Мэнгли-Гирэй Сарай хотыг тонон дээрэмдэж шатаасан бөгөөд Оросын III Иван (1462-1505) хаанд илгээсэн захидалдаа Крым Ордын хаадыг залгамжиллаа хэмээн бичиж байжээ. Крымийн хаанд эрх мэдлээ алдсан Шейх Ахмед өөрийгөө Алтан ордын хаан гэж үзсээр байлаа. Тэрээр Ногайн ордын хаан Ямгурча тай холбоо тогтоон Астраханийг бүсэлсэн боловч амжилт ололгүй Ямгурчтайгаа муудалцаж салан одсон байна. Энэ үеэс эхлэн Астраханий хаант улсын түүх эхэлдэг. Шейх Ахмед 1504 онд Киевээр дайран Түрэгийн султаны харьяанд байсан Белгород хотод очиж улс төрийн оргонол хүссэн байна. Гэвч нааштай хариу сонсож чадалгүй 1504 оны сүүлээр Киев хотод эргэн ирсэн байна.

Киевт түүнийг баривчлан Вишгород руу, тэндээс Польшийн ч их ван болоод байсан Литовын их ван Александр руу хүргэжээ. Тэрээр тэндээ хааны дэргэд үлдсэн байна. Крымийн хаан түүнийг Литовийн вангаас байнга нэхдэг байсан боловч түүнийг Крымийн хааны эсрэг тавих зэвсэг болгон найрсагаар хадгалж байжээ. Литовийн ван Александр нас барсны дараа шинэ ван Сигизмунд I (1506 — 1548) Польшийн шинэ ван болмогцоо Ордын хаанд хатуухан хандах болсон юм. Шейх Ахмед зугтах гэж оролдсон боловч баривчлагдан Ковнод хоригдох болсон байна. Шейхийн бараа бологчдыг боолын захад аваачин зарсан байна. Шейх Ахмедийн амь нас олон улсын харилцааны нөхцөл байдлаас хамаарч байлаа. Гол нь хүчирхэг болж буй Түрэг болоод Крымийн хаадыг л айлгах гэж түүнийг он удаан 20 гаруй жилээр хорьжээ. 1514 онд Терек голын хөвөөнд Шейх Ахмедийн дүү Хажи Ахмедийг Ногайн ордын язгууртнууд хаан ширээнд залсан боловч тоглоомын ёс төдий хаан тэрээр 1519 онд нас барсан байна. Энэ хэрэг явдал бүтэлгүй болмогц Ногайн ордын язгууртнууд Шейх Ахмедийг суллуулах талаар Польшийн талтай хэлэлцээ хийсэн байна. Чухам яагаад Ногайн ордын язгууртнууд Шейх Ахмедийн төлөө санаа тавих болсон нь цаанаа нарийн учиртай байлаа. Шейх Ахмедийн нэр хүнд, гарал угсаа бас чиг дордчихоогүй байгаа нөлөөг ашиглах л санаа байсан юм. Тиймдээ ч олзны хааныг суллуулах талаар хөөцөлдөж нэг бол гуйж нөгөө талаар сүрдүүлж байлаа. Польш ч бас Түрэг, Крымийн эсрэг ашиглах хөзөр болгон татгалзсаар байсан юм. Харин Крымчүүд Шейх Ахмедийг устгах эсвэл өгөхийг шаардаж байлаа. Ийм л нэр нөлөө бүхий хаан байжээ. Нас өндөр болж нэр хүнд нөлөө нь буурсан Шейх Ахмед хаан 1527 онд гэрийн хорионоос суллагдан Киевээр дайран Ижил мөрнийг зорьж Хажи Тарханы хавьд суурьшжээ.

Энэ үйл явдлын чимээ Крымд хүрч тэнд бужигнаан үүсгэсэн байна. Крымийн I Мухаммед Гирэйн том хүү хаан суудлын төлөө авга I Саадат Гирэйтэйгээ олон жил тэмцэлдсэн Ислам Гирэйд аятайхан боломж болж тэрээр Шейх Ахмедтай хамтран Крымийг довтлохоор зэхсэн байна. Гэвч Крымийг хамтран захирах эрхээ I Саадат Гирэй хаанаар зөвшөөрүүлсэн Ислам Гирэй шийдвэрээсээ буцсан байдаг. Шейх Ахмед хааныг өөр хоорондоо тэмцэлтэй Астраханий ханлиг ч бас сонирхож байжээ. Аль нэг сөргөлдөгч талын ноёд түүний нэр хүндийг ашиглаж сайд, захирагч болох гэж оролдож байсан юм. Зарим мэдээгээр тэрээр 1527-1528 оны хооронд Астраханий хаан байсан гэж сурвалж бичигт тэмдэглэгдсэн. Хаан байх хугацаандаа III Василий[7] (1505-1533)-тай дипломат харилцаатай байжээ. Гэвч Алтан ордын нас дээр гарсан хаан цаашид улс төрийн тоглоом болохоо больсон юм. Учир нь 1528 онд Шейх Ахмед өөрийн үхлээр нас барсан эсвэл хорлогдсон эсэх нь тодорхойгүй үлдсэн.[8] Шейх Ахмед гурван хүүтэй байжээ. Хүү Узбек нь Литовт үлдэж Сигзимунд вангаас хэд хэдэн эзэмшил газар хүртэж тэндээ суурьшжээ. Нөгөө хүү Шейх Хайдер нь эцгийнхээ дэргэд үргэлж байж 1537-1542 оны хооронд Астраханий хаан байжээ. Удаах хүү Дервиш Али нь 1554 онд Астраханий сүүлчийн хаан байсан бөгөөд сүүлд Астрахан нь IV “Догшин Иван” хаанд эзлэгдэж Оросын хамжлага болсон юм. Ийнхүү Алтан Ордын сүүлчийн хаан Шейх Ахмед сонирхолтой хувь тавиланг туулан түүхэнд нэрээ үлдээсэн юм. Эцэг хүү хоёул аль аль Ордын болон Астраханий сүүлчийн хаад байх хувь тавилантай байжээ.

Эх сурвалж: facebook/Хүннү-Сяньби, Монгол-Түрүг (Xiongnu-Xianbei, Mongol-Gokturk)

9 “Алтан Ордын сүүлчийн хаан Шейх Ахмед

  1. Pingback: I am Kitty bdsm dungeon

  2. Pingback: binaural

  3. Pingback: Bandar Togel Shanghai

  4. Pingback: TS Escorts

  5. Pingback: bet

  6. Pingback: human hair weave

  7. Pingback: Klinik gigi surabaya

  8. Pingback: AwsAlkhazraji best engineer in diyala

  9. Pingback: Aws Alkhazraji the best Engineer X

Leave a Reply