АН-ын үед барьсныг нурааж, МАН-ын үед тарьсныг хатаах аян

Урианхан Б.Галаарид

fe7ce0789117287foriginalГовь-Алтайн Засаг дарга О.Амгаланбаатар гэж нөхөр МАН-ын үед барьсан хаалгыг нураа гэж лүндэгнэсэн, бүр тайрч хаясан тухай сүүлийн хэд хоног цахим ертөнц шуугиж байна. Би Говь-Алтайн уугуул хүн. Тоотойхон хоногийн өмнө нутгаараа явж байгаад ирсэн. Ачааны тэрэг мөргөснөөс болж цуурч хагарсан хаалгаа шинэчлэхээр болж загварын уралдаан зарласан, нутгаа гэсэн сэтгэлтнүүдийн хандиваар  босгоно гэх мэдээг  учир мэдэх хоёр ч хүнээс сонсоод “Хоёрын хооронд жижигхэн юм битгий хийгээрэй. Ядаж хорь гучин жилийн дараах хөгжлөө тооцоорой. Өвөрхангайнхан засмал зам нь хэзээ ч өргөсөхгүй юм шиг хавчиг хаалга хийх гээд хоёр бүдүүн багана цутгасан байхыг сая ирэхдээ харлаа. Ирээдүйгээ боддог улс орнууд аливаа юмыг бүтээхдээ хэдэн зууны настай хийдэг, тэр нь он улирах тусам түүхэн үнэ цэнэтэй болдог. Ямар ч хотын хаалга  үнэ цэнэтэй урлагийн бүтээл, түүхийн дурсгал байдаг” гэхчлэн илүү хушуулж, их мэдэгч царайлж байгаад ирсэн нүгэлтэн.

Аяныхаа тоосыг сэгсэрч амжаагүй байтал нөгөө хаалганы тухай мэдээ шал өөр тайлбартай цахим ертөнцөд заларч учир мэдэхгүй олон ч хүн Амгаланбаатар гэдэг нөхрийг харааж дайрч эхэлснийг хараад нэг их гайхсангүй. Хэргийн учир Амгаланбаатар гэдэг залуугийн сайн мууд, эсвэл буулгаагүй бол нурах л байсан хаалгандаа байгаа юм биш.Хэргийн учир хийрхэл, хэнээрхэл, туйлшрал гэдэг хам шинжит өвчин хаа сайгүй газар авч хөгжлийн чөдөр тушаа болж байгаад л оршино. О.Амгаланбаатарараа бодож хаяагаа манаж элгээ эвхэн суух  муу санаа суугаагүй, зоригтой, хийж бүтээх эрмэлзэлтэй залуу байна лээ. Олон сайхан ажил санаачилж, үр өгөөжийг нь Алтайнхан хүртэж байгааг анзаарч харж л явна. Ажил огт хийгээгүй бол өө гарахгүй л дээ. Хэн түүнийг оролдож, сумаа тавиад нумаа нуугаад байгааг мэдэхгүй. Ирэх жилийн сонгуулийг бодож өрсөлдөгч намынхан нь шоглоод байна уу, үлдсэн хугацаанд тамга барих гэж өөрийн намынхан нь шогтоод байна уу, бүү мэд. Мэдэх шаардлага ч алга. Гол нь нутгийн хөгжилд чөдөр тушаа болж буй асуудлыг хөндөх нь олдой миний үүрэг хэмээн мунхаглана.

Ер нь бол эд юмсад хүртэл улстөрийн өнцгөөс ханддаг хөгийн сэтгэлгээ манайханд хаа сайгүй илэрдэг. Тэр намын, энэ намын гэж бие биенээ улстөрийн өнцгөөр харж найзархаж, өширхөж, гадуурхана. Тэр сумын, энэ голын, тийм жалганы, ийм байрны, тэр орцны гэж бүлэглэнэ, бөөрөлхөнө, хөөрцөглөнө. Бас гадуурхана, хүнийрхэнэ. Бурууг нь шудрагаар ил хэлж засч залруулдаг, зөвийг нь талархан дэмжиж урамшуулдаг сайхан монгол уламжлалаа нэгэнт гээж, матах муулах, хов хутгах, гүтгэх гүжирдэхийг “шинэ соёл” болгосон нь энэ цагийн эмгэнэл.

1990 оны зургадугаар сард Говь-Алтай аймагт очиж ирээд  “Зах хязгаар нутгаар сонин юу байна?” нэртэй сурвалжлага сонинд нийтлүүлж билээ. Бугат сумын дэлгүүрт орж ирсэн малчин эр “Эрвээхэй” загварын өргөн сугатай цамцыг дэлгэж харснаа “Энэ чинь ёстой нөгөө Ардчилсан холбооныхон л өмсөж баймаар цамц байна даа” гэхийг сонсоод жирийн малчныг хүртэл ийм сэтгэлгээтэй болгосонд харамсах сэтгэл төрснөө тэр сурвалжлагадаа бичсэн минь цагаан дээр хараар үлдсэн. Хорин таван жилийн дараа буюу хэдхэн хоногийн өмнө сумын төвийн  айлд цайлж суутал гэрийн эзэн залуу “Ардчиллынхны үед ч яршиг. МАН ялахаар хөдөө гарч малаа өсгөнө өө” гэхийг сонсоод балгасан цайгаа золтой л тургичихсангүй. Хувийн малаа өсгөж амьжиргаагаа дээшлүүлэхэд  нам ямар хамаа байна аа? Улстөржиж намчирхлаа гээд зах хязгаар нутгийнхан хожсон, хөгжсөн нь хаана байна?

Хийрхэл хэнээрхлийн синдром харин нам харгалздаггүй нь үнэн юм. Говь-Алтайд  өмнө нь дандаа МАН ялдаг байв. МАН-ыг төлөөлж сонгогдсон сүүлчийн хоёр гишүүн нь Ц.Дашдорж, Ж.Энхбаяр нар. Дороо хөлтэй байх, өөрийн багтай болохыг хүсэх нь ямар ч улстөрчдөд байдаг зүйл. Түүнгүйгээр хайшаа ч явахгүй. Тийм болохоор хоёр гишүүн маань сум суурин бүрт өөрийн гэсэн баг бий болгосон нь мөнөөх хийрхэл туйлшралын галыг бадрааж, аймгаа, аймаг дахь намаа хоёр хуваачихсан. Сумдаар явахад тэр Дашдоржийн хүн, энэ Энхбаярын хүн гэлцэх нь энгийн үзэгдэл. Ингэж хийрхэх ямар хэрэг байна? Үүнээс хэн хожихов? Хэн ч хожихгүй.

2012 онд Ардчилсан нам Говь-Алтайд ялалт байгуулж анх удаагаа эрх барьсан. Ялалтын уухай, ялагдлын хорсол  нь бас л хийрхэл, хэнээрхэл, туйлшралтай холилдон сонсогдсоны хоёрхон жишээг хэлье. Чандмань суманд МАН-ынхан ялж, нутгийн удирдлагыг гартаа авсны дараа сүүлийн үед суманд хийгдсэн ганц дориухан бүтээн байгуулалт болох Соёлын төвийг газрын зөвшөөрөлгүй барьсан учраас буулгах яриа гаргаж байв. Шалтгаан ньАН-ынхан өмнөх сонгуулиар засаглаж байхүед уг барилга баригдсан явдал. АН-ынхан ч бариагүй, алтны нэг компани барьж өгсөн барилга гэж байгаа. Өөр нэг суманд  тарьсан моддыг услахгүй байх лүндэн буужээ. Шалтгаан нь МАН-ынхан засаглах үедээ энэ моддыг тарьсан. Барьсан байшин, тарьсан мод хүртэл хийрхэл туйлшралын золиос болж байна. Үүнийг эрүүл ухаан гэх үү? Ийм байхад зөв хөгжил ирэх үү?

Алтай хотод барихаар нэгэнт төлөвлөчихөөд байсан 182 айлын орон сууцны ажлыг зогсоож, “Солонго” гэдэг шинэ хороолол барих шийдвэрийг аймгийн өнөөгийн удирдлагууд  гаргасан.  Шалтгаан нь 182 айлын орон сууцны ажил УИХ-ын гишүүн Ц.Дашдоржийн санаачлага байсан. Ийм туйлшралд  утга учир байна уу?  Хэн засгийн эрх барихаас үл хамаарах залгамж чанартай хөгжлийн бодлого гэж байна уу?

Өнгөрөгч тавдугаар сарын сүүлээр Говь-Алтай аймгийн өдрүүд Улаанбаатарт болсон. Энэ үеэр Говь-Алтайн бөхчүүдийн хоёр удаагийн барилдаан Бөхийн өргөөнд боллоо. Эхнийх нь “Хантайшир” дэвжээний 10 жилийн ойн барилдаан. Энэ барилдаанд Говь-Алтайн гаралтай, улсын цолтой  бөхчүүд заан Б.Соронзонболдоос бусад нь бүгд барилдсан. Маргааш нь аймгийн өдрүүдэд зориулсан бөхийн барилдаанд улсын цолтнуудаас ганцхан Б.Соронзонболд ирээд бусад нь оролцоогүй. Цаана нь улстөржилт харагдана уу гэж хардсан. Яагаад энэ хоёр барилдааныг нийлүүлж болоогүй юм бол? Говь-Алтайн гаралтай чиглэл чиглэлийн эрдэмтэд төрөлх нутгийнхаа ирээдүйн хөгжлийн асуудлаар илтгэсэн маш чухал эрдэм шинжилгээний хуралд шийдвэр гаргагчид, улстөрчид үзэгдсэнгүй. Урьсангүй юу, уриад ирсэнгүй юу?Уриагүй бол зохион байгуулагчдыг зэмлэмээр байна. Уриад ирээгүй бол нутгийн нэрээр дээш гарч ирсэн улстөрчдийг буруутгамаар байна.

Ийм хагарал хуваагдал хэнд хэрэгтэй юм бэ? Нутгийн хөгжлийн бодлогыг зангидах учиртай хүмүүс, цагийн эрхээр ачааны хүндийг нуруундаа үүрэх хувь тохиосон эрхмүүд маань улстөржиж, намчирхаж талцахгүй, хувь хувийн явцуу эрх ашигт хөтлөгдөхгүй, нутаг сэтгэлтэй байж чадвал, чадал оюунаа нутгийнхаа төлөө зориулбал Говь-Алтай аймаг хөгжих боломж бий. Тэгж чадахгүй байгаа учраас л баруун таван аймагтаа хөгжлийн олон үзүүлэлтээр олон жил сүүл мушгиж байна.

Говь-Алтайнхан ажилсаг хөдөлмөрч, байгаль цаг уурын хүнд нөхцөлд хэнээс ч дутуугүй амьдарч чаддаг баатарлаг ард түмэн. Энэ ард түмнийг байгалийн бэрхшээл, амьдралын аар саар асуудал туйлдуулж байсан нь үгүй. Харин улстөрийн хийрхэл, туйлшрал хэмээх түйрэн туйлдуулж харшааж байна. Энэ харшаанаас гаргахын тулдэрхэм улстөрчид, шийдвэр гаргах түвшнийхэн минь нутгаа гэсэн сэтгэлээ нийтгэж, эв эетэй, холч ухаантай байгаач гэж хүсмээр  байна. Хийрхэл, хэнээрхэл, туйлшралаас хол байж, ахмад буурлуудын амьдралын туршлага ухаан, идэр залуусын эрч хүч, эрдэм чадал, нутагтаа хийгээд нутгаасаа хол амьдарч байгаа хүмүүсийн сэтгэл зүтгэлийг хөгжлийн төлөө холч бодлогоор зангидах юмсан.

Бидэнд АН-ын үед барьсныг нурааж, МАН-ын үед тарьсныг хатаах аян хэрэггүй. Аль алиных нь, хэн хэнийх нь зөвийг нь дэмжин дэлгэрүүлж, бурууг нь шүүмжлэн залруулдаг эрүүл сэтгэлгээ, нутаг орныхоо хөгжлийг эн тэргүүний эрх ашгаа болгосон амь халуун сэтгэл, эв эе л хөгжил авчирна.

2015.06.09

 © duuren.mn

Leave a Reply